Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 199 дүгээр тогтоолын дагуу цахилгаан эрчим хүчний сарын суурь тарифыг 2000 төгрөг(НӨАТ-гүй)-өөр тооцон ахуйн хэрэглэгчдээс авч байна.
Дэлхийн олон улс оронд мөрдөгддөг жишгийн дагуу цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг аль ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгахад шаардагддаг зардлыг үндэслэн суурь тарифыг авдаг.
Тус компанийн Зүүн, Баруун, Зуунмод, Налайх, Өндөр хүчдэл түгээх төвүүд ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цаг хүртэл, Шуурхай үйлчилгээний хэсгүүд 24 цагаар тасралтгүй ажилладаг.
Харин Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд Даваа-Баасан гаригт 08:00-21:00, Бямбад 10:00-16:00 цаг хүртэл ажиллаад Нямд амарна.
УБЦТС ТӨХК-ийн бүх нэгжтэй 70047004 дугаарын утсаар холбогдоно.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсээр ажилладаг эх үүсгүүрээс гадна импортын болон салхин эх үүсвэрээс хангадаг. Нийт хэрэглээний 95 орчим хувийг дулааны, 4-5%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна.
Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан ба сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дараах байдлаар тогтоосон байдаг. Үүнд:
·Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар/өнөөгийн байдлаар 160-190 төг/,
·5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар/өнөөгийн байдлаар 90-120 төг/,
·Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам. доллар/өнөөгийн байдлаар 300-360 төг/.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нь үйлдвэрлэсэн цахилгаан нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр үнээр буюу валютын ханшнаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлэгддэг учраас тодорхой хэмжээний зөрүү үүсдэг.
Энэхүү эх үүсгүүрээс шалтгаалсан үнийн зөрүүг аль нэг төрлийн эрчим хүчний тарифт шингээх замаар бус “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” болгон нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 кВт.ц тутамд 4 төг байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон. Өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг /НӨАТ-гүй/ нэмэгдэнэ. Энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4%-ийг эзлэхээр байна.
Дэлхийн олон улс оронд байгалийн баялагийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих тариф буюу ногоон тарифын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Таны цахилгааны төлбөрт тусгагдсан дэмжих тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм.