Ц.Ганболд: Оросууд Монголыг эрчим хүчний хувьд хараат байлгах гэсэн том сонирхолтой
2019-01-28 11:25
3147


Монгол улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал мөн манай улсын эрчим хүчний салбарт шинэ дэвшил авчрана гэгддэгч гацаанд байгаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар Монгол улсын эрчим хүчний зөвлөх инженер Ц.Ганболдтой хэсэг хором ярилцлаа.

Яриагаа манай улсын өнөөгийн эрчим хүчний нөхцөл байдлаас эхэлье. Манай эрчим хүчний системд ямар асуудал тулгарч байна вэ?

Монголын эрчим хүчний системийг нүүрс шатааж, гарсан дулаанаар эрчим хүч үйлдвэрлэдэг хэдэн цахилгаан станцууд авч явж байгаа. Энэ станцууд  тухайн үеийн ЗХУ-ын үед баригдаж байсан. Хамгийн залуу гэгддэг IV цахилгаан станц саяхан 35 жилийн ойтойгоо золголоо.

Өөр нэг хэцүү зүйл нь нүүрс түлдэг станцуудын тохируулга муухан байдаг. Эрчим хүчний хэрэглээ гэдэг байнга өгсөж уруудаж явдаг. Тухайлбал, манай улсын хэрэглээ өглөөдөө жаахан өндөр, өдөр хэвийн, орой 6-10 цагийн хооронд нэлээд ачаалалтай, харин шөнөдөө энэ ачаалал бүр буурдаг. Манай улсын хамгийн оргил ачаалал, бага ачааллын хооронд 350 МВт гаруй зөрүү гардаг. Энэ хэлбэлзэл ихтэй ачааллыг дан ганц нүүрсний цахилгаан станцуудаар тохируулах бараг боломжгүй. Тиймээс Оросоос 220 киловольтын өндөр хүчдэлийн шугамаар холбогдож, эрчим хүч авах замаар ачааллыг тохируулдаг гэсэн үг. Энэ шугам гэхэд л 1974-1976 онд баригдсан гэхээр үндсэндээ 50 жилийн тухай ярих болж байна. Энэ бүхнийг дурдаад байгаа шалтгаан нь манай эрчим хүчний систем хөгширчихсөн, хоцрогдчихсон, тохируулгын чадал байхгүй. Хатуухан хэлэхэд ядмагхан систем. Нэг ёсондоо Монголын эрчим хүчний систем одоог хүртэл бие дааж ажиллаж чадахгүй байна.

Тэгвэл манай улсын эрчим хүч бие даасан, найдвартай ажиллагаатай болохын тулд ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

Ер нь эрчим хүчний гол системийн найдвартай насжилт 20-25 жил байдаг. Харин засвар үйлчилгээг нь сайн хийгээд байвал тодорхой хугацаагаар сунадаг болохоос эцэс төгсгөлгүй ажиллаад байдаг эд биш. Тэгэхээр хөгширчихсөн,тохируулгагүй муутай хуучин технологитой эрчим хүчний системээр эрчим хүчний бие даасан системийг бий болгох боломж байхгүй. Энэ яриад буй тохируулгыг бий болгохын тулд үндсэндээ томхон чадлын усан цахилгаан станц барих. Ялангуяа манай улсад усан цахилгаан станцгүйгээр үүнийг хийх ямар ч боломж байхгүй.

Яагаад заавал усан цахилгаан станц гэж? Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэгддэг. Үүнийгээ ашиглаж болохгүй гэж үү?

Яагаад гэхээр усан цахилгаан станцын эрчим хүчийг хүн хэрэгцээтэй үедээ хурдан хугацаанд ажиллуулж,  шаардлагагүй бол зогсоох удирдах боломжтой эрчим хүчний эх үүсвэр. Манайд зайлшгүй шаардлагатай гэж хэлээд байгаа учир нь энэ. Чиний хэлсэнчлэн манай улсад жилийн 300 гаруй хоног нь нартай байдаг, мөн салхины нөөц ихтэй учир энэ эрчим хүчээр Монгол байтугай зүүн хойд Азиа хангачхаар хэмжээний гэж ярьдаг. Эдгээр станцууд байхгүй биш байгаа. Салхиных л гэхэд 4, 5 байна. Хамгийн сүүлд гэхэд Сайншандын 56 орчим МВт-ын салхины станц ашиглалтад орчихлоо. Нарны станцууд бас нэлээдгүй их баригдсан. Нар салхины станцуудын хүчин чадал нийлээд бараг 200 МВт давчихсан байгаа юм.

Гэтэл манай улсын нийт хэрэглээ 1000 МВт-аас жаахан давчихсан яваа. Өнгөрсөн өвлийн хамгийн оргил ачааллын үеэр манай улсын нийт хэрэглээ 1100 гаруй МВт болж байсан. Тэгэхээр үүний 200 МВт гаруйг нь нар салхиар хангачихаж гэж хялбархнаар харж болмоор. Гэтэл энэ эрчим хүчийг удирдах боломжгүй, салхитай, нартай үед л эрчим хүч гарна. Харин хүн өөрөө удирдах боломжгүй санамсаргүй эрчим хүчээр энэ тохируулгыг хийх боломжгүй болохоор учир дутагдалтай.

Гэхдээ нар, салхины эрчим хүчээ хуримтлуулах замаар үүнийг шийдчих боломж байхгүй гэж үү?

Мэдээж тийм боломж бий. Сүүлийн үед дэлхий дахинд томоохон чадлын хуримтлуулах батарейг үйлдвэрлэж ашиглаж байгаа. 50 МВт, 100 МВт ч гэдэг юм уу. Хамгийн гол нь маш өндөр үнэтэй, дээр нь энэ өөрөө тийм хоргүй сайхан төхөөрөмж биш. Ууршилт, ашиглалт, хаягдал гээд байгаль орчиндоо хорт нөлөө үзүүлнэ. Насны хувьд ч богино, хамгийн сайн батарей 15-20 жил болдог. Тэгээд солино, хаяна. Ингэхийн тулд тусгай үйлдвэр хэрэгтэй болно. Хэрэв шууд байгальд хаявал хар тугалгаас эхлээд олон төрлийн хорт бодис хүчлүүд агуулагдаж байдаг учир маш хортой. Манайх шиг тийм баян биш оронд энэ нь төвөгтэй асуудал. Нэлээд нарийн тооцоо судалгаа, хөрөнгө мөнгө, цаг хугацаа ч их шаардагдана.

УСАН ЦАХИЛГААН СТАНЦАД АЮУЛ БАЙХГҮЙ, ХАРИН Ч САЙН ТАЛ ОЛОН БИЙ

Тэгвэл усан цахилгаан станц гол найдвар байх нь. Манайд яг хичнээн усан цахилгаан станц ажиллаж байна?

Одоо ажиллаж байгаа 12 МВт -ын Дөргөний усан цахилгаан станц, 11МВт-ын Тайширын станц хоёр хамгийн том нь. Тэгээд улирлын чанартай ажилладаг Богдын голын 1МВт усан цахилгаан станц орох байх. Үүнээс гадна 300-400 КВт хүчин чадалтай 4, 5 жижиг станцууд бий. Зарим ажиллаж байгаа, зарим засвар үйлчилгээ хийгдээгүй орхигдсон байх.

Сэлэнгэ мөрний Эгийн голын усан цахилгаан станц яригдаад 20 гаруй жил боллоо. Хөрөнгө санхүүгийн асуудлаас гадна нуур далай сүйтгэчих гээд байна зэрэг шалтгаанаар ялангуяа Оросуудын эсэргүүцэлтэй их тулгараад гацчихаад байх шиг байна. Энэ эсэргүүцэл үндэслэлтэй юу?

Үндсэндээ усан цахилгаан станцаас би аюул олж хардаггүй. Бараг аюул байхгүй харин эсрэгээрээ сайн тал олон бий. Том гэгчийн усан санг бий болгож хиймэл нуур үүснэ. Сайн судлаад энэ тэнд нь алдаж урсгачихгүй, далан нь сэтрээд нурчихгүйгээр баривал хамгийн найдвартай.

Дэлхий дээр маш том хэмжээний усан цахилгаан станцууд баригдаж л байгаа. Тэгтлээ байгаль орчин сүйтгээд болохгүй байна гэж би лав дуулаагүй. Оросуудын хувьд Байгал нуураас гарч буй Ангар мөрөн дээр гурав дөрвөн том станц дамнуулаад байгуулчихсан улс. Тухайлбал, Эрхүү орох даваан дээр Эрхүүгийн ГЭС гээд том усан цахилгаан станц бий. Бараг 70-д жил болж байгаа ч одоо хүртэл ажиллаж л байна. Тэнд нь Эрхүүгийн тэнгис гээд Байгал нуурын нэг хэсэг үүсчихсэн. Оросууд усан онгоц явуулаад, зугаалаад жаргалтай л байгаа. Дараа нь Братская ГЭС гээд 1970-д онд ашиглалтад орсон станц байна. Саяхан 2-3 жилийн өмнөхөн Богучанская ГЭС гээд станц байгуулсан. Усан станц үнэхээр болдоггүй Байгал нуураа муухай болгочихдог байсан бол тэд ингэж барихгүй л байсан байх.

Ер нь би үүнийг байгальд учиргүй хүчтэй нөлөө үзүүлнэ гэхээсээ илүүтэй Монголыг эрчим хүчний хувьд хараат байлгах гэсэн том сонирхол байгаа байх гэж хардаг. Нөгөө талаараа компанийнхаа хүрээнд өөрсдөд нь боломжтой байгаа цахилгаанаа борлуулж мөнгө болговол бас л гоё биз дээ. Тиймээс л мань мэтийнхээ толгойг угааж, тиймэрхүү зүйл зохиож ярьж байгаа байх. Гэтэл манайхан Хөвсгөл нуурыг муухай болгочих гээд байна, Байгал нуур татарчих гээд байна гэж яриад байдаг.

Оросуудыг тэгж хардах үндэслэл байгаа ч, үнэхээр Сэлэнгэ мөрний урсац, Хөвсгөл, Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байгаа байх?

Усан цахилгаан станц усыг өөрөө ашигладаггүй, усны урсцыг нь ашиглан генератор эргүүлж эрчим хүч гаргаж авдаг. Харин ус нь урсдагаараа урсаад л гараад явчихна. Тэгэхээр зарим нөхдүүд тэр далбаа сэнс рүү хамаг загас ороод үхчихдэг гэх зэргээр ойлгож ярьцгаадаг. Харин одоогийн төхөөрөмж үүнийг шийдчихсэн. Станцын турбин руу орох гэж байгаа усны дээр томхон загаснуудыг торлоод авч үлддэг.

Хоёрдугаарт, загасны дээшээ доошоо явдаг урсгалыг хаадаг гэж ярьдаг. Гэтэл загас шилжүүлэх төхөөрөмж үүсгэчихсэн, загаснуудыг хоёр тийшээ чөлөөтэй урсгах санг байгуулдаг. Энэ мэтээр загас шилжүүлэх төхөөрөмж байнга хийдэг болсон. Тэгэхээр загасны үржил зогсоод, хамаг гоё загаснууд нь үхчихдэг гэдэг ойлголт худлаа.

Гуравдугаарт, Байгал нуур үндсэндээ сөнөдөггүй юм. Байгал нуурын урсцыг нөхдүүд түрүүний миний ярьсан цаад талын усан цахилгаан станцуудаараа зохицуулчихдаг. Нуурын түвшин өсөөд ирэхээр цаашаагаа урсгаад явуулчихдаг, буурвал станцуудаа багахан ажиллуулаад ирэхээр төвшин нь нэмэгддэг.

Үүнтэй адил бид ч гэсэн Сэлэнгэ мөрөн дээр баригдах станцаараа усны тохируулга хийнэ гэсэн үг. Хаврын айхавтар шар усны үер станцын үүсгэсэн нууранд хуримтлагдана, зуны цагт үерлээд ойр орчмоо усан далайд автуулаад байдаг Сэлэнгэ мөрний үер байхгүй болно. Харин урсгалаа хэвийн жигд урсгана. Сэлэнгэ мөрөн үерлэхээрээ Монголын нутаг ч, цаад Оросын буриадын нутаг ч айхавтар болдог. Улаан-Үд орчмын Сэлэнгэ мөрөнтэй ойрхон тосгонууд үер автаад сүйд болдог гээд өөрсдөө жижиг асуудал үүсгэчихсэн байдаг. Том зорилго нь өөр болохоор энэ тэрийг бол тоохгүй л дээ.

Тайшир дээр усан цахилгаан станц барьж байхад бас яг ийм зүйл ярьж байсан. Завхан гол татарлаа, Эрээн нуур ширгэлээ гээд шуугиад байсан одоо бүгд хэвийн болчихсон. Ус хуримтлуулах хугацаанд жаахан асуудал үүссэн байх. Эрээн нуур сэргэдгээрээ сэргээд, Завхан гол урсдагаараа урсаад маш сайхан байгаа. Зундаа талаар нэг тараад үерлээд байдаг байхгүй болсон. Ер нь Оросууд эсэргүүцэж байгаа шалтгаандаа итгүүлэхийн тулд гоё шалтаг бодож олно биз дээ, үндэслэлтэй ч юм шиг.

Манай талаас Эгийн голын станц барих төслөө хэд хэдэн удаа хэрэгжүүлэх гэж үзсэн ч төсөл гацчихаад байна. Асуудал юунд байна гэж та харж байна?

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих ТЭЗҮ-г анх 1993 онд хийсэн. Би ч тодорхой хэмжээнд оролцож явлаа. Үүнд чинь бас улс төр их будлиан хутгаж байгаа. 2006-2007 оны үед Хятадын Засгийн газрын зээлээр хэрэгжүүлдгийн даваан дээр Хятадын засаг солигдсон. Манайд ч Засаг солигдож төсөл таг зогссон юм. Тухайн үед шал үндэслэлгүй шахуу юм бодож олсон. Оросууд одоо хямд эрчим хүч өгөх гэж байна ч гэдэг юм уу янз янзын паналтай юм ярьсан. Бодвол өмнөх Засгийнхаа эхлүүлсэн ажлыг хийж болдоггүй юм байлгүй. Харин 2012 онд АН-ын засгийн үед дахин төслийн баг байгуулж ТЭЗҮ, зураг төслийг шинэчилж улам дөхүүлсэн. Тэгсэн Оросууд бүр эсэргүүцээд болохоо байсан.

Эгийн голын усан цахилгаан станцыг ямар хүчин чадалтайгаар хэдий хугацаанд барихаар төлөвлөсөн байдаг вэ?

Эхний ТЭЗҮ-ээр 220 МВт гэж тооцож байсан ч сүүлийнхээр нэмэгдүүлээд 310 гаруй МВт  болгосон байна лээ. Энэ тоо манай улсын эрчим хүчний өнөөх их бага ачаалал хоёрын хоорондын харьцаатай дүйж ирж байгаа юм. Тэгэхээр эрчим хүчний хэрэглээний тохируулгыг бараг энэ станцаараа хийгээд, үлдсэн жаахныг нь нүүрсний цахилгаан станцууд хийчихнэ.

Гэхдээ усан станц барина гэдэг өөрөө амаргүй ажил. Маш их газар шороо,  дэд бүтцийн ажил шаардагддаг. Тайширын станцыг барихад 4-5 жил зарцуулсан. Эгийн голын станцыг гадны хөрөнгө оруулалттай том компаниуд барилаа гэж бодоход бас 4-5 жил болж таарна. Үүний дараа усаа хуримтлуулаад нуураа үүсгэхэд бас нэлээдгүй хугацаа орно. Тайшир дээр гэхэд ус ихтэй жил 3, бага байвал 7 жилийн дараа дүүрнэ гэсэн тооцоо хийгдэж байсан. Гэтэл 5 гаруй жилийн дараа л дүүрсэн гэхээр багадаа 3-5 жил шаардагдана. Ингээд бодохоор хамгийн хурдан барилаа гэхэд 7-10 жилийн тухай яригдана. Одоо эхлээгүй байгаа ажил гэхээр 2030 оны үед л эрчим хүч үйлдвэрлэж эхлэх тухай яригдана гэсэн үг.

Сүүлийн үед эрчим хүчний шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан хэлэх боллоо. Саяхан болсон ТЭЦ IV-н аваар ч үүнийг нотолсон. Багануурт томхон чадлын станцын асуудал яригдаж байгаа ч үүнийг салбарын сайдаасаа эхлээд эсэргүүцээд байгаа нь ямар учиртай вэ?

Хүчин чадлын эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй, баригдчихаасай ч гэж бодож байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүс юуг нь эсэргүүцсэн гэхээр шинээр баригдах станцад өндөр хүчин чадал 350 МВт-ын хоёрхон турбин тавихаар ТЭЗҮ нь хийгдсэн. Манайд хамгийн өндөр чадлын турбин ТЭЦ-4-ийн 120 МВт-ын турбин байгаа. Гэтэл нэг турбин л гэхэд үүнийг гурав нийлүүлсэнтэй тэнцэхээр байгаа биз. Энэ нь яагаад болохгүй вэ гэхээр саяны ТЭЦ-4 дээр гарсан шиг аваарыг дор нь үүсгэнэ. 350 МВт-ын генератор хэвийн ажиллаж байлаа гэхэд гай болоод хэн нэгэн алдааг гаргах, ямар нэгэн аваарын нөхцөл үүсэх юм бол манай улс маш богино хугацаанд 350 МВт-ын эрчим хүчний хомстолд орно.

Харин үүнийг тийм шуурхай хангах эх үүсвэр, станцууд манайд байхгүй. Оростой холбоотой байгаа шугам ч энэ хүчийг авч дийлэхгүй. 350 МВт-ын эрчим хүчнийхээ чадал дарагдаад ТЭЦ-4 нь ч тэр гурав нь ч тэр нураад унана. Үүнийг л эсэргүүцсэн болохоос станц барихыг эсэргүүцээгүй гэж би хувьдаа бодож байгаа. Цахилгаан станц хэрэгтэй байгаа ч сонгосон шийдэл буруу байна гээд байгаа юм. Ядаж нэг генераторынхаа хүчин чадлыг 150 МВт дотор шийдчих, тэгвэл зөвшөөрье л гэдэг юм яригдаж байгаа.

Ер нь цаашдаа эрчим хүчний хэрэглээ нэмэгдээд үүнийгээ бид яаж зохицуулах юм бүү мэд. Энэ янзаараа байвал 1990-д оны хязгаарлалтын үе рүүгээ шилжиж байж өвлийнхөө оргил ачааллыг давдаг систем руу ч орж магадгүй. Угаасаа эрчим хүчний шинэ эх үүсвэрийг шийдэхээс ч өөр арга байхгүй. Мэдээж үе шаттайгаар, халаасныхаа хэмжээгээр хийж таарах байх. Харин тэрийгээ оновчтой, зөв л хийх хэрэгтэй. Бас нэг нурж унадаг системтэй болчихмооргүй л байна штээ.

Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.