Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар тогтоолын 7 дахь заалтад "Улсын төсвөөс татаас олгож байгаа хугацаанд ахуйн цахилгааны үнэ, тарифыг шатлалтай болгон өрх бүрийн сарын хэрэглээний 150 кВт.ц-ийг одоогийн мөрдөж байгаа үнэ тарифыг индексжүүлэн тооцож, түүнээс дээших хэрэглээ болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртгөөр тооцох ...” гэж заасан байдаг.
Энэхүү тогтоолын дагуу төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад 2011-2013 онд нийт 26.2 тэрбум төгрөгийн татаас олгогдож байсан бол 2014 оноос Улсын төсвөөс олгогдох татаасыг Монгол Улсын Засгийн газраас зогсоосонтой холбоотой Эрчим хүчний зохицуулах хорооноос Төв, Зүүн, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн энгийн тоолууртай ахуйн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний сарын 150 кВт.ц хүртэлх хэрэглээ тооцох тарифын хөнгөлөлтөд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Бусад цахилгааны тарифын ангилалд өөрчлөлт ороогүй бөгөөд ахуйн хэрэглэгчид тарифт тоолуурт шилжиж цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулах боломжтой юм.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр тогтоолоор "Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хороондын аж ахуйн харилцааны дүрэм”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү дүрмийн 5.3 дахь хэсэгт нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг тусгаж өгчээ.