Ц.Даваасүрэн: Тарифын хөнгөлөлтийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулбал утаанаас ангижрана
2017-10-25 11:12
376


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр болсон “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцож илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ "Монгол гэрийн дулаан алдагдал 70 хувь байдгийг олон улсын судлаачид тогтоожээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр болсон “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцож илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ "Монгол гэрийн дулаан алдагдал 70 хувь байдгийг олон улсын судлаачид тогтоожээ. Иймээс дулаан алдагдлыг бууруулах тэргүүн зорилт тавьж ажилласан он жилүүд Монголд бий. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн сүүлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь цахилгааны хөнгөлөлт. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хийсэн судалгаагаар нэмэлт дулаалга байхгүй Монгол гэрийг цахилгаанаар халаахад 4.0 кВт, харин 8х8 хэмжээтэй ердийн байшинг цахилгаанаар халаахад 9.0 кВт хэрэглээ үүсэхээр байгаа" гэдгийг тодотгосон юм.

Гэр хорооллын ердийн галладаг зуухтай айл өрхийн цахилгаан чадлын дундаж хэрэглээ орой их ачааллын үед 1.2-1.7 кВт байдаг. Нийслэлийн гэр хорооллын 160 кВА хүчин чадалтай дэд станцад 80-110 айл өрх, 250 кВА хүчин чадалтай дэд станцад 160-200 айл өрх холбогдож байна. Нэг өрхөд ногдох сүлжээний боломжит чадал 1.3-1.6 кВт. Гэр хорооллын хэрэглэгчдийн халаалтыг 100 хувь цахилгаан эрчим хүчээр хангах чадалтай түгээх сүлжээ байгуулах тохиолдолд одоогийн түгээх сүлжээг бүрэн шинэчлэх шаардлага үүснэ. Улмаар үүнд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайг Ц.Даваасүрэн сайд онцлов. Энэ онд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотой нийслэлийн хэмжээнд хэд хэдэн ажил хийгдсэн бөгөөд 11.74 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ирэх онд нийслэлийн гэр хорооллын 20 мянган айл өрхийг эхний ээлжинд 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд агаарын чанарын 1-р бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 23 хорооны нийт 21362 айл өрхийг хамруулах ажил хийхээр төлөвлөжээ.  Мөн дамжуулах сүлжээний “Баруун”, “Улаанхуаран”, “Гео” гурван дэд станцыг өргөтгөхөд 15 тэрбум, түгээх сүлжээний дэд станц, шугамын өргөтгөл шинэчлэлийг ажлыг нийт 21 багц болгон 24.5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр зураг төсөв хийгджээ.

Гэхдээ нийслэлийн иргэдийг 100 хувь эрчим хүчээр хангаад агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй гэдгийг хэллээ. Иймээс шөнийн тарифыг хөнгөвчлөх арга нь зөв ч өдөр нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байдлаар хослуулж шийдвэл агаарын бохирдлоос ангижрах боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцоллоо.